Олон улсын ISO 20252:2019
стандартын танилцуулга
ISO 20252:2012 “Зах зээл, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгаа - Нэр томъёо, үйлчилгээний стандарт” нь маркетинг, олон нийтийн санаа бодол, нийгмийн судалгааг гүйцэтгэж буй байгууллага, мэрэгжилтнүүдийн үйлчилгээнд хэрэглэгдэх нэр томъёо, үйлчилгээний шаардлагыг тогтоож өгсөн байдаг.
Уг стандартыг ОУСБ‑ын 225 дугаар Техникийн хороо боловсруулсан бөгөөд хоёрдахь засаж сайжруулсан хувилбар юм. Анх ISO 20252:2006 стандартыг 2006 онд гаргаж байсан бөгөөд энэ онд орчин үеийн судалгааны шинэлэг арга, аргачлал, технологийн асуудлыг тусган 2019 оны 8 дугаар сард шинэчлэн гаргасан юм.
Энэхүү олон улсын стандарт нь зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааг гүйцэтгэж буй байгууллага, мэргэжилтнүүдэд хэрэглэгдэх нэр томъёо, тодорхойлолтуудыг бий болгож, тэдний явуулж буй ажил үйлчилгээнд тавигдах шаардлагуудыг тогтоож өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл судалгаа хийлгэх хүсэлтийг хүлээн авч хариу өгөхөөс эхлүүлээд судалгааны үр дүнг хүлээлгэн өгөх хүртэлх бүхий л үе шатанд дагаж мөрдөх стандартыг тогтоож өгч байгаа юм.
Стандартад дурдсны дагуу судалгааны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд гэдэгт зах зээлийн, олон нийтийн санаа бодлын болон нийгмийн судалгааны төсөл болон төслийн зарим хэсгийг хэрэгжүүлж буй байгууллагуудыг хамруулан авч үзэж байгаа юм.
Үүнд хувийн судалгааны байгууллага; эрдэм шинжилгээний болон их дээд сургуулийн судалгааны хүрээлэн; компани доторх судалгааны нэгж, газар, хэлтэс; орон нутгийн захиргааны байгууллага; албан ёсны статистикийн байгууллагууд болон тэдгээртэй адилтгах судалгаа хийдэг хувь хүн зэрэг байгууллага, хувь хүмүүс орно. Тэгэхээр энэхүү стандарт нь энэ төрлийн үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгж байгууллага, хүмүүс болон нөгөө талаар судалгааны үйл ажиллагаа захиалан хийлгэж байгаа захиалагч аж ахуйн нэгж, байгууллага, хувь хүмүүсийн дагаж мөрдөх стандарт юм.