ОУХТ/Эзомарын зах зээлийн болон нийгмийн судалгааны олон улсын код
Зах зээлийн болон нийгмийн судалгааны үйл ажиллагааны анхны кодыг 1948 онд Эзомараас гаргаж байсан. Үүнийг үндэсний байгууллагууд болон Олон Улсын Худалдааны Танхим (ОУХТ)-аас олон тооны кодыг гаргасан.
ОУХТ болон Эзомар байгууллагууд 1976 онд ялгаатай хоёр кодын оронд олон улсын нэг код байх нь зүйтэй гэж шийдвэрлэсэн бөгөөд дараа жил нь буюу 1977 онд ОУХТ/ЭЗОМАР-ын хамтарсан кодыг хэвлэн гаргасан. Энэхүү кодыг 1986 болон 1994 онд шинэчлэн, сайжруулж ОУХТ/ЭЗОМАР-ын кодын одоогийн буюу дөрөвдэх хувилбарыг гаргасан.
Бүх төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээний нийлүүлэгчид, хэрэглэгчдийн хоорондох үр нөлөөтэй харилцаа чухал орчин үеийн аливаа нийгэмд чухал ач холбогдолтой болж байна. Мэдээлэл олж авах олон аргууд байгаа бөгөөд мэдээлэл авах сувгууд интернэтэд суурилсан технологи болон бусад интерактив мэдээллийн хэрэгслийн хөгжил, хэрэглээг дагааад улам нэмэгдэх болсон. Мэдээлэл олж авах хамгийн чухал аргуудын нэг нь энэхүү кодоор зохицуулсан нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааг багтаасан зах зээлийн судалгааг ашиглах явдал юм. Зах зээлийн судалгаа амжилттай болох эсэх нь тухайн судалгаа шударга, үнэн зөв, хүчээр тулган шаардаж оролцуулаагүй, оролцогчдод хохирол учруулахгүй байх зэрэг олон нийтийн итгэл үнэмшлээс шалтгаалдаг. Эдгээр кодыг хэвлэн гаргасан нь олон нийтийн итгэл үнэмшлийг нэмэгдүүлэх, энэхүү кодыг дагаж мөрдөж буй талууд зах зээлийн судалгаа хийхдээ ёс зүйн болон мэргэжлийн үүрэг хариуцлагаа ухамсарласан гэдгийг илтгэх харуулах зорилготой.
Энэхүү кодыг хэрэгжүүлэх үүрэгтэй өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоо олон жилийн туршид амжилттай хэрэгжиж ирсэн. Энэ нөхцөл дэх кодын хэрэглээ болон түүнийг хэрэгжүүлэх үйл явц хэрэглэгчдийг хамгаалах нэмэлт давхаргыг бий болгох хэрэгсэл гэж дэлхийн нийтийн тэргүүн туршлага болсоор ирсэн.
КОДЫН ЗОРИЛГО
Энэхүү код нь өөрөө өөрийгөө зохицуулах тогтолцоо байдлаар зохиогдсон. Үүнийг анхааралдаа авснаар ОУХТ/ЭЗОМАР дараахь зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн энэхүү кодыг дэлхий нийтээр хэрэглэхийг зөвлөмж болгож байна:
- Маркетингийн судлаачдын дагаж мөрдөх ёстой ёс зүйн дүрмийг тогтоох;
- Энэхүү кодод тусгасан эрх, хамгаалалтыг тодруулж өгснөөр маркетингийн судалгаанд итгэх олон нийтийн итгэл үнэмшлийг дээшлүүлэх;
- Хүүхэд, залуучуудын санаа бодлыг олж мэдэхдээ онцгой хариуцлагатай хандах хэрэгтэйг тодруулж өгөх;
- Маркетингийн судлаачдын мэдээлэл хайх, хүлээн авах, хуваалцах эрх чөлөөг хамгаалах (НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пактын 19 дүгээр зүйлд заасанчлан);
- Улсын болон улс хоорондын хууль тогтоомж, дүрэм журмын хэрэгцээг багасгах.
КОДЫН ҮНДСЭН ЗАРЧМУУД
Энэхүү код нь эдгээр үндсэн зарчмуудад үндэслэсэн:
- Маркетингийн судлаачид үндэсний болон олон улсын холбогдох бүх хуулинд захирагдах ёстой.
- Маркетингийн судлаачид ёс зүйтэй байх ёстой бөгөөд маркетингийн судалгааны нэр хүндэд сөргөөр нөлөөлөх аливаа зүйлийг хийхгүй байх ёстой.
- Маркетингийн судлаачид хүүхэд болон залуучуудын дунд судалгаа хийхдээ онцгой анхаарал хандуулах ёстой.
- Судалгаанд оролцогч сайн дурын үндсэн дээр оролцох бөгөөд судалгаанд оролцохыг зөвшөөрөхдөө судалгааны зорилго, төслийн талаар хангалттай, үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн хийсэн байх ёстой.
- Маркетингийн судлаачид хувь хүнийх нь хувьд судалгаанд оролцогчийн эрхийг хүндэтгэх ёстой бөгөөд тэдгээр эрх нь маркетингийн судалгааны төсөлд оролцсноор гарах шууд үр дүнгээр зөрчигдөх ёсгүй.
- Маркетингийн судлаачид маркетингийн судалгааны төслийн хүрээнд цуглуулсан хувийн мэдээллийг маркетингийн судалгааныхаас өөр бусад зорилгоор хэзээ ч ашиглах ёсгүй.
- Маркетингийн судлаачид төсөл, үйл ажиллагаагаа бодитой, үнэн зөв, ил тод төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, баримтжуулах нөхцлийг бүрдүүлсэн байх ёстой.
- Маркетингийн судлаачид шударга өрсөлдөөний хүлээн зөвшөөрөгдсөн зарчмуудад захирагдах ёстой.
КОДЫН ҮЙЛЧЛЭХ ХҮРЭЭ
Энэхүү код зах зээлийн бүхий л судалгаанд хэрэглэгдэнэ. Үүний зэрэгцээ www.iccwbo.org болон www.esomar.org сайтууд дээрх ОУХТ болон ЭЗОМАР-ын кодууд, гарын авлага, зарчмууд, тайлбар зэргийг унших хэрэгтэй.
Энэхүү код нь бүхий л судлаач, захиалагчдын дагаж мөрдөх ёс зүйн доод стандартуудыг тогтоож өгсөн бөгөөд холбогдох хууль, аливаа онцлог зах зээлд шаардлагатай болох хатуу стандарт болон журмыг хэрэглэх үндэс суурь нь болдог. Ийм төрлийн шаардлагуудын талаарх мэдээлэл ESOMAR-аас авч болно.
ТАЙЛБАР
Энэхүү кодыг сэтгэл санаандаа болон түүнчлэн баримт бичгийн байдлаар хэрэглэнэ. Энэхүү олон улсын кодыг хүлээн зөвшөөрөх нь ЭЗОМАР-ын гишүүн болон кодыг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн бусад бүх талуудын нөхцөл болно.
ТОДОРХОЙЛОЛТУУД
- Нийгмийн болон олон нийтийн санаа бодлын судалгааг багтаасан Маркетингийн судалгаа бол ойлголт мэдээлэл авах, шийдвэр гаргалтад дэмжлэг үзүүлэхийн тулд нийгмийн шинжлэх ухааны статистик, дүн шинжилгээний арга техникийг ашиглан хувь хүмүүс болон байгууллагуудын талаарх мэдээллийн системтэйгээр олж авах, тайлбарлах үйл явц юм. Тодорхой зөвшөөрөлгүйгээр судалгаанд оролцогчийг таних мэдээллийг мэдээллийг хэрэглэгчид өгдөггүй бөгөөд хүргүүлсэн мэдээллийг авсны шууд үр дүнд борлуулалтын арга хэрэгслүүдийг хэрэгжүүлдэггүй.
- Судлаач нь захиалагч байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийг оруулаад маркетингийн судалгааны төслийг хэрэгжүүлж байгаа эсвэл зөвлөх байдлаар ажиллаж байгаа аливаа хувь хүн эсвэл байгууллага байна.
- Захиалагч нь маркетингийн судалгааны төслийг бүхэлд нь эсвэл аль нэг хэсгийг нь хийлгэх хүсэлт тавьсан, захиалсан, хийлгэж буй аливаа нэг хувь хүн эсвэл байгууллага байна.
- Судалгаанд оролцогч нь судалгаанд оролцож байгаагаа мэдэж байгаа болон мэдэхгүй байгаагаас, эсвэл ярилцлагад оролцож байгаа эсэхээс үйл хамааран маркетингийн судалгааны зорилгоор мэдээлэл өгч буй хувь хүн болон байгууллагаар тодорхойлогдоно.
- Ярилцлага гэдэг нь маркетингийн судалгааны зорилгоор мэдээлэл цуглуулахын тулд судалгаанд оролцогчтой харилцах хэлбэрээр тодорхойлогдоно.
ЗААЛТ 1
ҮНДСЭН ЗАРЧМУУД
- Маркетингийн судалгаа нь хууль ёсны, шударга, үнэн бодитой байж, шинжлэх ухааны холбогдох зарчмуудын дагуу хийгдсэн байх ёстой.
- Судлаачид маркетингийн судалгааны мэргэжлийн нэр хүндийг гутаах, түүнд итгэх олон нийтийн итгэлийг алдагдуулахад хүргэх аливаа үйлдлийг хийж болохгүй.
- Маркетингийн судалгаанд мэргэжлийн хариуцлагатай хандаж, бизенсийн нийтээр хүлээн зөвшөөрсөн шударга өрсөлдөөний зарчмуудыг дагаж мөрдөх ёстой.
- Маркетингийн судалгаа нь хувь судалгаанд оролцогчид шууд хандсан аливаа арилжааны үйл ажиллагаа (тухайлбал, сурталчилгаа, борлуулалтын идэвхжүүлэлт, шууд маркетинг, шууд борлуулалт гэх мэт) зэрэг судалгааны бус үйл ажиллагаанаас шууд ялгагдахуйц байх ёстой.
ЗААЛТ 2
ШУДАРГА БАЙДАЛ
- Маркетингийн судалгаанд судалгаанд оролцогчдын итгэл үнэмшлийг урвуулан ашиглах, тэдний туршлага мэдлэг дутмаг байдлыг нь ашиглах ёсгүй.
- Судлаачид өөрсдийн ур чадвар, туршлага болон үйл ажиллагааны талаар болон байгууллагынхаа талаар худал мэдэгдэл хийж болохгүй.
ЗААЛТ 3
МЭРГЭЖЛИЙН ХАРИУЦЛАГА
- Маркетингийн судалгааны төсөл дэх судалгаанд оролцогчдын оролцоо хамтын ажиллагаа нь бүхий л шатанд сайн дурын үндсэн дээр байх ёстой. Тэдний хамтран ажиллах зөвшөөрлийг авахдаа хууран мэхлэх ёсгүй.
- Судлаачид судалгаанд оролцогчид маркетингийн судалгааны төсөлд оролцсны шууд үр дүнд хохирохгүй байх бүхий л боломжит урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой.
- Судлаачид бусад судлаачдаа шүүмжлэх ёсгүй.
ЗААЛТ 4
ИЛ ТОД НЭЭЛТТЭЙ БАЙДАЛ
- Судлаачид судалгааны зорилготой холбоотой ойлгомжгүй нөхцөл байдлыг шууд тодорхойлж, тодруулсан байх ёстой.
- Судалгаанд оролцогчид судлаачийн талаарх мэдээлэл, бодит төрхийг нь ямар нэг хүндрэлгүйгээр шалгаж мэдэх боломжтой байх ёстой.
- Судлаачид захиалагч мэдээлэл цуглуулах, бэлтгэх үл ажиллагааны чанарт хяналт тавих хүсэлтийг хүлээн авах ёстой.
- Судлаачид захиалагчид хийж өгч буй аливаа судалгааны төслийн арга зүйн тодорхойлолт мэдээллийг захиалагчид гаргаж өгөх ёстой.
- Судлаачид маркетингийн судалгааны төсөл бодитой, ил тод, үнэн зөв төлөвлөх, хэрэгжүүлэх, тайлагнах, баримтжуулсан байх нөхцлийг хангасан байна.
ЗААЛТ 5
ӨМЧЛӨЛ
Өөрөөр хэлэлцэн тохиролцсноос бусад тохиолдолд маркетингийн судалгааны санал болон үнийн санал нь боловсруулсан байгууллага болон хувь хүний өмч байна.
ЗААЛТ 6
БИЧЛЭГ БОЛОН АЖИГЛАЛТ ХИЙХ АРГА ТЕХНИКҮҮД
Олон нийтийн газарт нээлттэй хийгдсэн болон хувийн мэдээлэл цуглуулаагүйгээс бусад тохиолдолд судалгааны зорилгоор ашиглагдаж буй ажиглалтын арга техник болон бичлэг хийх тоног төхөөрөмжийн талаар судалгаанд оролцогчид урьдчилан мэдэгдсэн байх ёстой. Хэрэв судалгаанд оролцогч хүcсэн бол бичлэг болон холбогдох хэсгийг устгасан байх ёстой. Зөвшөөрөл аваагүй тохиолдолд судалгаанд оролцогчийн таних мэдээллийг хамгаалсан байх ёстой.
ЗААЛТ 7
МЭДЭЭЛЛИЙН ХАМГААЛАЛТ БОЛОН НУУЦЛАЛ
- Нууцлалын бодлого
Судлаачид мэдээлэл өгч буй судалгаанд оролцогчид нь ашиглахад бэлэн нууцлалын бодлоготой байх ёстой.
- Мэдээлэл цуглуулах
Судалгаанд оролцогчдоос хувийн мэдээлэл цуглуулж байгаа тохиодолд судлаачид дараахь нөхцлийг хангасан байх ёстой:
- судалгаанд оролцогчид нь мэдээлэл цуглуулж буй зорилгыг ойлгож мэдсэн байх;
- судалгаанд оролцогчид чанарын хяналт хийх зорилгоор дахин холбогдож болно гэдгийг ойлгосон байх.
- Мэдээллийг ашиглах
Энэхүү кодын дагуу цуглуулсан, бий болгосн хувийн мэдээлэл нь дараахь шаардлагыг хангасан байх ёстой:
- тодорхой судалгааны зорилгоор цуглуулагдсан ба энэхүү зорилготой нийцэхгүй аливаа хэлбэрээр ашиглахгүй байх;
- нэмэлт мэдээлэл цуглуулах болон цаашид боловсруулалт хийх зорилготой нийцэлтэй, хамааралтай, түүнээс хэт даваагүй байх;
- нэмэлт мэдээлэл цуглуулах болон цаашид боловсруулалт хийх зорилгоор шаардсан хугацаанаас илүү хугацаагаар хадгалахгүй байх.
Судалгаанд оролцогчийг таних үзүүлэлтүүдийг захиалагчид мэдэгдүүлэхгүй байх арга хэмжээг авч хэрэгжүүлэх ёстой. Үндэсний хууль тогтоомжинд хатуу зохицуулалт шаардаагүй бол судлаач дараахь нөхцлүүдэд судалгаанд оролцогчийг таних хувийн мэдээллийг захиалагчид өгч болно:
- судалгаанд оролцогч өөрөө тодорхой байдлаар энэхүү хүсэлтээ илэрхийлсэн
- судалгаанд оролцогч тодорхой зөвшөөрөл өгсөн
- хүргүүлсэн мэдээллийг авсны шууд үр дүнд арилжааны үйл ажиллагаа (1d заалтад тодорхойлсон) тэдэнд хандуулахгүй гэдгийг ойлголцсон.
- Мэдээлэл боловсруулалтын аюулгүй байдал
Судлаачид зөвшөөрөлгүйгээр ашиглах, хувийн мэдээллийг өөрчлөх, эсвэл илчлэхээс урьдчилан сэргийлэх зохих хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой.
Хэрэв хувийн мэдээллийг гуравдагч талд дамжуулж байгаа тохиолдолд гуравдагч тал нь хамгаалалтын дүйцэхүйц арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой.
- Судалгаанд оролцогчийн эрх
Судалгаанд оролцогчид эрхээ ойлгож, эдлэх нөхцлийг хангах зохих арга хэмжээг авч хэрэгжүүлсэн байх ёстой
- маркетингийн судалгааны судалгааны төсөлд оролцохгүй байх;
- ямар ч үед маркетингийн судалгааны ярилцлагаас гарах;
- өөрийн хувийн мэдээллийг бусдад өгөхгүй байхыг шаардах;
- өөрсдөд нь хамаарах буруу хувийн мэдээллийг устгах болон залруулах.
- Хил дамнуулан шилжүүлэх
Хувийн мэдээллийг мэдээлэл цуглуулсан улсаас өөр нэг улс руу шилжүүлэхэд хувь хүний мэдээллийг хамгаалах эрхийг хэрэгжүүлэх чиглэлээр тусгай анхаарал хандуулсан байх ёстой.
Мэдээлэл боловсруулалт нь өөр улсад хийгдэж байгаа тохиолдолд холбогдох хамгаалалтын арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, энэхүү кодын мэдээллийн хамгаалалтын зарчмуудыг дагаж мөрдөх бүхий л боломжит алхамыг авч хэрэгжүүлсэн байна.
ЗААЛТ 8
ХҮҮХЭД БОЛОН ЗАЛУУЧУУД
Судлаачид хүүхэд болон залуустай ярилцлага хийхдээ онцгой анхаарал хандуулсан байх ёстой.
Хүүхэдтэй ярилцлага хийхийн өмнө эцэг эх болон холбогдох насанд хүрсэн хүмүүсээс зөвшөөрөл авсан байх ёстой.
ЗААЛТ 9
СУДАЛГААГ ХАМТРУУЛАН ХИЙХ
Судлаачид захиалагчид хийж өгөх гэж буй ажилдаа бусад захиалагчдын ижил төрлийн төслийг хамтруулан хийх, нэгэн зэрэг судалгаа явуулах тохиолдолд бусад захиалагчдын зөвшөөрлийг авалгүйгээр тэдний мэдээллийг мэдэгдэхгүйгээр энэ асуудлаа захиалагчдаа мэдэгдэх ёстой.
ЗААЛТ 10
ТУСЛАН ГҮЙЦЭТГЭХ ГЭРЭЭ
Судлаачид захиалагчид хийж өгөх ажлын аливаа нэг хэсэг нь судлаачдаас гаднах байгууллагаар (аливаа гаднах зөвлөхүүдийг оролцуулах үйл ажиллагааг оруулаад) туслан гүйцэтгүүлэх тохиолдолд ажлаа эхлэхээсээ өмнө захиалагчид мэдэгдсэн байх ёстой. Хүсэлтдээ аливаа тухайн төрлийн туслан гүйцэтгэгчийн талаарх мэдээллийг өгсөн байх ёстой.
ЗААЛТ 11
УДАЛГААНЫ ҮР ДҮНГ ХЭВЛЭН НИЙТЛЭХ
- Маркетингийн судалгааны төслийн үр дүнг тайлагнахдаа судлаачид судалгааны үр дүн, судлаачийн тайлбар болон тэдгээрт үндэслэсэн аливаа зөвлөмжүүдийн хоорондох ялгааг тодорхой гаргаж өгсөн байх ёстой.
- Судалгааны төслийн аливаа үр дүнг захиалагч хэвлэх бол судалгааны үр дүнг хэвлэх хэлбэр агуулгын талаар судлаачтай зөвлөлдөх ёстой. Захиалагч болон судлаач хоёулаа хэвлэгдсэн үр дүн алдаагүй байх хариуцлагыг хүлээнэ.
- Судлаачид аливаа хэвлэгдсэн үр дүнг баталгаажуулахад шаардлагатай арга зүйн мэдээллийг үргэлж бэлтгэсэн байх ёстой.
- Судлаачид мэдээллээр хангалттай дэмжиж ажиллаагүй бол маркетингийн судалгааны төслөөс гарах дүгнэлтийг тархаахад нэрээ оруулах ёсгүй.
ЗААЛТ 12
ҮҮРЭГ ХАРИУЦЛАГА
Судлаачид судалгаа нь энэхүү кодын дагуу хэрэгжиж буй эсэхийг хянах, судалгааны захиалагч болон бусад талууд кодын шаардлагуудыг дагаж мөрдөнө гэдгээ хүлээн зөвшөөрсөн байх нөхцлийг хангах үүрэгтэй.
ЗААЛТ 13
ЗӨРЧЛИЙГ ШИЙДВЭРЛЭСНЭЭС УРГАН ГАРАХ ҮР НӨЛӨӨ
Холбогдох талууд нь энэхүү кодыг зөрчсөн асуудлыг засварлах, шийдвэрлэхийг зорьж ажиллах хэрэгтэй боловч зөрчлийг дарж өнгөрөөх ёсгүй.
ЗААЛТ 14
ХЭРЭГЖҮҮЛЭХ ҮЙЛ ЯВЦ
- Энэхүү код болон түүнд тусгагдсан зарчмуудыг орон нутгий, үндэсний болон бүс нутгийн өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагууд үндэсний болон болон улсын түвшинд дагаж мөрдөж, хэрэгжүүлэх ёстой. Маркетингийн судалгааны бүхий л шатанд оролцож буй бүх байгууллага, компани, хувь хүмүүс энэхүү кодыг дагаж мөрдөх ёстой.
- Маркетингийн ажилтнууд, судлаачид, захиалагчид энэхүү код болон маркетингийн судалгааны холбогдох бусад орон нутгийн өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын баримт бичгүүдтэй танилцсан байх ёстой бөгөөд өөрөө өөрийгөө зохицуулах байгууллагын шийдвэртэй танилцсан байх ёстой. Энэхүү кодод агуулагдсан зарчмуудыг тайлбарлуулах хүсэлтийг ОУХТ-ын Код тайлбарлах зөвлөл болон ЭЗОМАР-ын Мэргэжлийн стандартын хороонд хүргүүлж болно.